Үнэт зүйл ба бусад брэндтэй хамтрах нь

Үнэт зүйл ба бусад брэндтэй хамтрах нь

  • 2025-05-06 15:39

Урлаг гэдэг үг өргөн утгаараа хамгийн олон салбарт ашиглагддаг ч бид урлагийг эртний грекийн баримлууд, сэргэн мандалтын үеийн уран зургуудаар л ойлгож, Пикасогийн бүтээлээс гүн гүнзгий утга санаа хайн, онол, философийн үг өгүүлбэрээр тайлж тайлбарлахыг л урлагийг ойлгож байна гэж эндүүрдэг гэлтэй. Юуг ч урлаг гэж цоллох хэтийдсэн байж болох ч түүний цар хүрээг өөрсдөөсөө хамаагүй холоор төсөөлж, амьдралын энгийн мөч, харагддаг, үзэгддэг зүйлсээсээ алслуулах хэрэггүй юм. Мэдэрдэг зүйлээрээ л түүнийг ойлгож, таашаах нь зүйтэй. Мөн урлаг зөвхөн европоор хязгаарлагдаагүйг мэдэх хэрэгтэй.


           Сүүлийн жилүүдэд кино, энтертайнмент гээд pop culture буюу нийтийн соёлд дорнын соёл, уламжлал дэлхийн нийтийн сонирхлыг татах болоод байгааг бүгд л анзаарч байгаа байх. Ази тивийн ард түмний түүх, уламжлалт соёлыг тэр дундаа бидний түүхийг судлах онол арга зүй ч академик түвшинд өөрчлөгдөж байна. Өмнө нь нүүдэлчдийг бүдүүлэг, зээлдмэл соёлтой гэж эрдэмтэд нь бичээд, хүмүүс нь ойлгодог байсан бол одоо нүүдэлчдийн онцлог, ондоошлыг нь түлхүү судалж бичих болжээ. Глобалчлалын энэ цаг үед үндэстэн бүр юутай байснаа эргэн харж, ижилссэн дэлхийгээс ялгарахыг хүсэж байна. Энэ салхинд монголчууд бид хийсэхээргүй тун ч их нөөцтэй ард түмэн юм. Сүүлчийн нүүдэлчид гэдгээрээ бахархах цаг үе иржээ. Харин үүнийгээ дэлхийд үзүүлж харуулахаасаа урьд бид өөрсдөө ойлгож, мэдрэх нь чухал юм. Энэ бол “Үүлэн Арт”-ын хамгийн гол үнэт зүйл билээ.


           Үүлэн Артын бүтээлүүдийн дүрслэл, илэрхийлэмж нь монголын уламжлалт урлагийн элементүүдийг өөртөө шингээсэн байдаг ба ихэвчлэн залуучууд буюу GenZ хочтой үеийнхэн хамгийн их сонирхож худалдан авалт хийдэг. Бидний үеийнхнийг шүүмжлэх хандлага давамгайлах болсон нь нууц биш. Гэхдээ ойлгодог, мэдэрдэг зүйлстэй, илүү хувь хүн дээрээ төвлөрч бие хүнээ бүтээж буй үе тул түүгээр нь ойлголцох асуудал манай нийгмийн үе хоорондын зөрчилд ажиглагдаж байгаа. Бидэнд дийлэнхэд нь бий болсон үйлдэл бол “дахин ашиглах”, “дахин үйлдвэрлэх” гээд дахин гэдэг тодотголтой үйлдэл, амьдралын хэв маяг юм. Нэг удаагийн бүтээгдэхүүнээс татгалзах, үйлдвэрлэж, угаахад асар их ус ордог хувцсыг шинээр нь худалдаж авахын оронд хуучин хувцас өмсөх гээд байгальд ээлтэй гэдэг ойлголтод тулгуурласан амьдралын хэв маягийг чухалчлах болсон. Тэгвэл суурьшиж амьдарч буй монголчуудын бараг л тав дахь үеийн бидэнд хэн байсныг минь, хэн байх ёстойг хэрхэн ойлгуулж, түүнийг үнэлэх үнэлэмжийг өсгөх тухайд бид санаа зовох хэрэгтэй. Хүссэн ч эс хүссэн ч монголыг авч явах ачааг энэ үе үүрэх цаг ирэх тул орхиж болохгүй уламжлал, соёлыг нь хэрхэн тээж үлдээн, цааш үргэлжлүүлэх үүргийг нь ухамсарлуулах вэ? Үүлэн Артын хувьд залуучуудын сонирхолтой уялдуулж, уламжлалт соёлтой хослуулж, монгол хэв маягийг дахин бий болгохыг чухалчилж бүтээлээ гаргадаг. Яг л хуучин хувцас өмсөх, даавуун хүнсний тортой дэлгүүрт орох мэт соёлоо дахин гаргаж ирэх юм.


           Монголын томоохон байгуулгууд ч мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүд дээрх асуудал руу чиглэх болсон ба “Үүлэн Арттай хамтарч брэндинг хөгжүүлэлтээ хийх болсон. Үүнийгээ тэд залуу үетэй холбогдох гүүр гэж харсан байх. Энэ онд Үүлэн Арт Хас Банктай хамтарч “Эко гэр”, “Монгол банхар” зэрэг энгэрийн тэмдэг гаргасан байдаг. Мөн Kidult брэндтэй хамтарсан төмөр зүүлт punky хэв маягтай энгэрийн тэмдэг зэрэг нь байнгын худалдан авагчдынхаа сэтгэлт их хүрсэн төдийгүй залуус дунд хамгийн шинэ соргог байдаг энэхүү брэндүүд хамтарсан нь онцлууштай. Дээрх хамтарч гаргасан бүтээгдэхүүний хэв маяг нь монгол уламжлал, соёлыг шингээсэн байх бөгөөд залуусын хэв маяг, ондоошлыг хүндэтгэсэн гэж болохуйц хэв загвартай гарчээ. Том агуулгаар нь үүнийг дүгнэвэл нэгт Kidult брэндтэй хамтарсан нь үе хоорондын үл ойлголцолд шийдэл байж болохуйц ажил байсан. Хоёрт Хас Банктай хамтарсаныг магадгүй төгс эко амьдралын хэв маяг болох монгол ахуйг бидний үед таниулах догь алхам болсон гэж би хувьдаа үздэг ба цомхон хүрээнд ч болтугай эдгээр ажлууд хэрэгжсэнд нь баярладаг. Мөн Үүлэн Арттай энэ чиглэлээр хамтарч ажиллах байгуулгууд олон болоосой гэж хүсэж байна. Энэ чиглэлээр хамтран ажиллахад Үүлэн Артын зүгээс хэзээд татгалзахгүй бөгөөд дээр дурдсан маш том үнэт зүйлдээ тулгуурлаж бүтээгдэхүүнээ гаргадаг болохоор ямар ч байгуулга татгалзахгүй гэдэгт итгэлтэй байна. Хамтран гаргасан бүтээгдэхүүн тань залуу үетэйгээ холбогдох, тэдэнтэй илүү ойр болох гүүр байх болно.


           Моод монголоор дуусдаг цаг ард өнгөрчээ. Харин моодоо өөрсдөө эхлүүлдэг үе ирсэн байна. Бидэнд бахархах соёл, авч үлдэх уламжлал бий тул Үүлэн Артын барьж буй энэхүү гүүр бол том агуулгаараа үнэхээр ач холбогдолтой гэдгийг онцлох хэрэгтэй. Магадгүй урсгал багатай гол дээгүүр баригдаж болох ч эргийн цаана хүргэх зам яах аргагүй мөн. Урлаг бол бидний өдөр бүр хардаг, мэдэрдэг зүйлс ч шингэсэн байдаг. Зүүсэн энгэрийн тэмдэг ч түүний илэрхийлэл байж болно. Мөн уламжлал бол өөрөө өөрийнхөө тодотголтой баяраар л үзэгдээд өнгөрдөг үзэгдэл бус байнга, тогтмол бидний дотор байдаг үнэт зүйл юм. Миний яриад буй гүүрний утга учир үүнд л оршин буй. Дээрх шиг ажил, төслүүдийг хараад та ч мөн өнөөдрийнхөө багахан эрч хүчийг авч, ирээдүйдээ итгэх итгэл авсан гэдэгт өчүүхэн ч атугай нэмэгдсэн гэдэгт итгэлтэй байна. 


VVLEN ART Дурсамжаар урлав

Нийтлэсэн: С.Ананд


Бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл vvlen.art.official@gmail.com -руу холбогдоорой.

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.